“Үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд хямд санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг олгож байна”

Үл хөдлөх хөрөнгийн төслүүд болон хөрөнгө оруулагч талуудад олгож буй боломжуудын талаар Биржийн бус зах зээлийн гол тоглогчдын нэг “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишигтэй ярилцлаа.

 

-Үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэгчид санхүүжилтээ банкны зээл, хувьцаа гаргах эсвэл хувь хүнээс мөнгө зээлэхээр л төсөөлдөг. Тэдэнд өөр боломж байна уу?

-Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувьд санхүүжилтийн хэрэгцээг шийдэхэд ямагт хүндрэлтэй байдаг ба зээлийн бүтээгдэхүүний хувьд эргэн төлөлтийн хуваарь уян хатан бус, барьцаа хөрөнгийн шаардлага өндөр, хувьцааны хувьд хэлцлийн нөхцөл тохирох, баталгаажуулах гэх мэт хүндрэлүүд байдаг тул санхүүжилтийн зардал маш өндөр гардаг. Тэгвэл нөгөө талаас үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа тал урьдчилгаа төлбөр төлснөөр үл хөдлөх хөрөнгийг арай хямд авах боломж байдаг ч энэ нь хувь хүмүүсийн хувьд төслийн өчүүхэн хэсэг болохын хувьд эрсдэлтэй.

Тэгвэл бидний санал болгож буй үл хөдлөх хөрөнгийн төслийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн хэрэгсэл нь төсөл хэрэгжүүлэгчийн хувьд бөөний борлуулалттай төстэй буюу хямд санхүүжилтийн эх үүсвэр татах боломжийг олгож байгаа бөгөөд нөгөө талаас өрийн хэрэгсэл худалдан авах хөрөнгө оруулагчийн хувьд андеррайтераар дамжин хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгасан, суурь өгөөжийн хувьд баталгаатай бүтээгдэхүүн бөгөөд цаашид хувьцаанд хөрвүүлсэн нөхцөлд тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт болон түрээсийн орлогоос өгөөж хүртэх боломжийг олгох юм.

Энэхүү үнэт цаасжуулсан санхүүжилтийн бүтэц нь ОУ-д REIT (Real Estate Investment Trust) гэж нэршигдсэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, түрээсийн орлогоор ашиг олох зорилготой хөрөнгө оруулалтын сангийн төрлийг бий болгох урьдчилсан бэлтгэл болж байгаа нь бас онцлогтой юм.

REIT нь хувьцаа, бонд болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн өгөөж, эрсдэлээс хамаарал багатай, урт хугацаанд инфляцтай шууд хамааралтай бүтээгдэхүүн билээ. Хөрөнгө оруулагч нь үл хөдлөх хөрөнгө бүтнээр нь эзэмших шаардлагагүй ба хувьчилж эзэмших, түрээслэгч олох, түрээсийн төлбөр нэхэмжлэх зэрэг үл хөдлөхийн менежментийн ажилд санаа зовохгүй, хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжих төрөл бүрийн давуу талуудыг REIT олгодог.

Сонгодог утгаар REIT хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхэд хууль эрх зүйн орчны хувьд бага зэрэг хүндрэлтэй гэж хэлж болох ба эхний ээлжид тус бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхдээ хувьцаанд хөрвөх өрийн хэрэгслийг санал болгож, тухайн хувьцаагаар хөрөнгө оруулалтын сангийн нэгжийн эрхийг сольж авах буюу REIT хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах боломжийг бий болгосон.

Түүнчлэн Инвескор Санхүүгийн группийн хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн төсөлд суурилан энэхүү шинэлэг бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийн зураглалыг гарган ажилласан ба үл хөдлөх хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэхээр манай группийн “Инвескор Проперти” ХХК, хөрөнгө оруулалтын сангийн удирдлагыг хэрэгжүүлэхээр “Инвескор Ассет Менежмент ҮЦК” ХОМК оролцож, жишиг бүтээгдэхүүн гаргах зорилготойгоор хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.